Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Лабораторийн нэгдсэн тасгийн Чанарын баталгаажилтын лавлагаа лабораториос эрхлэн явуулдаг Гематологийн шинжилгээний чанарын гадаад үнэлгээний 15 дахь, клиник химийн шинжилгээний чанарын гадаад үнэлгээний 9 дэх удаагийн тайлан семинар 2016 оны 3-р сарын 11-нд амжилттай боллоо. Тайлан семинарт нийслэл, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгийн лабораторийн эмч, мэргэжилтэн нийт 170 хүн оролцлоо.
Тайлан семинар дээр “Гематологийн шинжилгээний чанарын гадаад үнэлгээний дүн”, “Клиник химийн шинжилгээний чанарын гадаад үнэлгээний дүн”, “Лабораторийн шинжилгээний чанарыг хангахад хувь хүний оролцоо”, “Хамтрагч лабораторийн эмч нар Япон улсын Сисмекс корпорацид сургалтанд оролцож, Япон улсын Кумомото Их сургуулийн лабораторийн үйл ажиллагаатай танилцсан тухай” мэдээлэл, “Гематологийн шинжилгээний чанарын гадаад үнэлгээний (MEQAS) хүрээнд авч хэрэгжүүлсэн Сайжруулах арга хэмжээ (Mini-Survey 4), түүний үр дүн”, “Шинжилгээний чанарын гадаад үнэлгээний дүнг веб сайтаар өгөх арга зам” сэдвээр тус тус тайлан, танилцуулга, мэдээлэл хийгдлээ.
Энэхүү семинарт Япон улсын Итгэмжлэлийн Байгууллага (JAB)-ын Стратеги төлөвлөлтийн хэлтсийн ерөнхий менежер, захирал, Япон улсын Клиник химийн холбооны зөвлөлийн гишүүн, профессор Кацуо Кубоно “Япон улс дахь Лаборатори итгэмжлэлийн өнөөгийн байдал” сэдвээр лекц толилуулав.
Сисмекс корпорацитай хамтран эмнэлгийн лабораторийн ур чадварын сорилтыг хэрэгжүүлэгч Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Лабораторийн нэгдсэн тасгийн Чанарын баталгаажилтын лавлагаа лаборатори нь СХЗГ-аас MNS ISO/IEC 17043:2010 стандартын дагуу итгэмжлэгдсэн лаборатори юм.