2016 оны 03 сарын 12-ны өдөр Япон улсын Итгэмжлэлийн Байгууллага (JAB)-ын Стратеги төлөвлөлтийн хэлтсийн ерөнхий менежер, захирал, Япон улсын Клиник химийн холбооны зөвлөлийн гишүүн, профессор Кацуо Кубоно, Сисмекс корпарацийн зөвлөх, JAB-ын итгэмжлэлийн үнэлгээний мэргэжилтэн хатагтай Масако Когучи нартай эмнэлгийн лабораторийн итгэмжлэлийн чиглэлээр хамтран ажиллах уулзалтыг СХЗГ-т зохион байгууллаа. Уулзалтанд Эрүүл мэндийн лабораторийн ажилтны холбооны тэргүүн Ц.Энхжаргал, НЭМГ-ын оношзүй, лаборатори хариуцсан мэргэжилтэн О.Аззаяа, Шастины гуравдугаар төв эмнэлгийн ур чадварын лабораторийн зөвлөх Г.Наран, Сисмекс корпорацийн ажилтан Б.Булган нар оролцов.
Итгэмжлэлийн газрын дарга С.Ганцэцэг “Монгол улс дахь итгэмжлэлийн үйл ажиллагаа”, ахлах мэргэжилтэн Д.Цэцэгмаа “Эмнэлгийн байгууллагын тогтолцоо, эмнэлгийн лабораторийн итгэмжлэл” , профессор Кацуо Кубоно “Япон улсын эмнэлгийн лабораторийн итгэмжлэлийн тогтолцоо, олон улсын хамтын ажиллагаа, итгэмжлэлийн ач холбогдол”-ын талаар тус тус танилцуулга хийлээ. Түүнчлэн цаашид Японы Итгэмжлэлийн байгууллагатай хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо.
ЭМСЯ, Эрүүл мэндийн лабораторийн ажилтны холбоо нь Япон улсын Сисмекс корпорацитай хамтран эмнэлгийн лабораториудын үр дүнгийн үнэмшилт магадлалыг дээшлүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор итгэмжлэлд бэлтгэх, шаталсан арга хэмжээг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 2016 оны 4 дүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд эмнэлгийн лабораторийн эрхлэгч, чанарын менежерт зориулсан ISO 15189:2012 стандартын сургалтыг явуулах юм.