2016.03.15
ХБНГУ-ын Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэнгээс МХЕГ-т хэрэгжүүлж байгаа “Уул уурхайн салбар дахь байгаль орчны хамгаалал” төслийн зохицуулагч асан Текла Абел өнөөдөр МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдоржтой уулзлаа. Хатагтай Текла Абел нь ХБНГУ-ын Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэнгийн Төв Ази болон монголыг хариуцсан төслийн зохицуулагч болсон учир нутаг буцахын өмнө гардан ажилласан төслийнхөө талаар товч танилцуулга хийсэн нь энэ. Түүнчлэн 2017 оны 04 дугаар сар хүртэл хэрэгжих тогтворжуулах бичил төслийн талаар болон хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааны талаар тэд санал солилцсон юм.
Уулзалтын үеэр МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж “Юуны өмнө та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Манай хяналтын чиглэл олон. Энэ дундаас Геологи уул уурхайн байгаль орчны хамгаалал хяналтын чиглэлээр монголд нүдээ олсон төсөл хэрэгжүүлж, хамтарч ажилласанд талархаж байгаагаа илэрхийлье. Өмнөх төслүүд үр өгөөжөө байсан шигээ цаашид ч хэрэгжүүлэх бичил төслүүд ч амжилттай хэрэгжиж дуусна гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.
Харин уулзалтын үеэр хатагтай Текла Абел “Та төслийн талаар тодорхой мэдээллийг авсан байх. Энэ төслийн хүрээнд геологи уул уурхайн байцаагчдын чадавхийг дээшлүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд зөвлөгөө сургалт хийсэн. Түүнчлэн Хяналт шалгалтын ажлын үр нөлөөг дээшлүүлэх, ил тод байдлыг сайжруулах ГУУХ-ын улсын байцаагчдад зориулсан анхны хяналтын хуудас, Геологи, уул уурхайн хяналтын мэдээллийн системийг боловсруулж гаргасан төдийгүй хяналт шалгалт явуулахад шаардлагатай техник хэрэгслээр хангахад дэмжлэг үзүүлж ирсэн” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм. Уулзалтын төгсгөлд МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдоржид хатагтай Текла Абел уг төслийн танилцуулга, дэлгэрэнгүй мэдээлэлтэй тайланг гардуулан өглөө гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.