2016.02.19
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар хоорондын харилцаа, хамтын ажиллагаа үр дүнгээ өгч энэ сарын 19-нөөс Говь-Алтай аймгийн Бургастайн боомтоор үйлдвэрийн аргаар бэлтгэсэн үхэр, хонь, ямааны мах экспортолж эхэллээ. Энэ өдөр “Мон-Тува” компани 16 мянган тонн хонины мах гаргаж анхны шанг нь татлаа.
Нээлтийн ёслолд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Ю.Галсан, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар нарын албаны хүн оролцлоо.
Шүлхий өвчингүй бүс хэмээн зарлагдсан Увс, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Говь-Алтай аймгийн малчид, аж ахуйн нэгж, иргэдээс авсан малыг Увс аймгийн “Грийнграслэнд Мон-Тува”, Хөвсгөл аймгийн “Монгол эко мах Хөвсгөл мах маркет”, Завхан аймгийн “Завхан хүнс” группийн үйлдвэрт төхөөрч махыг нь экспортлоно. Цаашид эрүүл гэж зарлагдсан бүсэд байгаа мах боловсруулах үйлдвэрүүд хянан магадлагаанд хамрагдаж экспортын эрхээ авах боломжтой юм.
БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар манай нэр бүхий аж ахуйн нэгжүүдийг “Гэрчилгээжүүлэлт, баталгаажуулалтын газар”-таа бүртгэж авсан. Ингэснээр дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг “Хүн Од” ХХК, “Хатан сүйх” ХХК, үхэр, хонь, ямааны махыг “Монгол эко мийт Хөвсгөл мах маркет” ХХК, “Завхан хүнс” ХХК, нядалгааны “Эрдэнэ хүнс” ХХК-ийн үйлдвэр экспортлох эрхтэй болсон юм.
Бургастайн боомт БНХАУ руу мах экспортлох гол боомт учир байнгын ажиллагаатай болгох талаар хоёр улсын Засгийн газрын түвшинд хэлэлцэн тохиролцохоор төлөвлөж байна хэмээн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.