Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласан билээ. Энэ хүрээнд 1-р сарын 29-нд Төрийн ордонд “Хэрэглэгчийн жил”-ийн нээлтийн арга хэмжээ боллоо. “Нэгэн дээвэр дор” сэдэвт уг арга хэмжээнд СХЗГ, МХЕГ, ШӨХТГ, Оюуны өмчийн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Худалдан авах ажиллагааны газар болон Эрүүл мэнд, Спортын яам, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо зэрэг оролцож “нэгэн дээвэр дор” нэгдлээ.
Нээлтийн арга хэмжээнд Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монгол улсын Шадар сайд Ц.Оюунбаатар нар оролцсон юм.
Шадар сайд Ц.Оюунбаатар арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Хэрэглэгчийн жил”-ийн гол зорилтууд болон хийж, хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар дурьдсан юм. Мөн “Энэ 2016 он зөвхөн төр, нийгмийн байгууллагуудын төдийгүй хэрэглэгч олон түмний өөрсдийнх нь эрхээ хамгаалуулахын төлөө ухамсартай тэмцдэг, ухаалаг хэрэглээ, арвилан хэмнэлтийн горимд суралцах, соён гэгээрэх их аяны эхлэлийн жил байх болно. Хэрэглэгч чанартай, экологийн цэвэр бараа бүтээгдэхүүн хэрэглэж эрүүл орчинд амьдарч урт наслах нөхцлийг хамтдаа бүрдүүлье” гэдгийг онцоллоо.
“Хэрэглэгчийн жил”-тэй холбогдуулан Стандартчилал, хэмжил зүйн газар бодлого, үйл ажиллагаагаа хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээнд улам нийцүүлэх, тэдний сэтгэл ханамжийг өндөр байлгах талаар анхаарч тодорхой зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.