2016 оны 1-р сарын 28-нд Стандартчилал, хэмжил зүйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд Монгол улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр болон СХЗГ-ын төв болон орон нутгийн нийт удирдах ажилтнууд оролцсон юм.
Монгол улсын Шадар сайд Ц.Оюунбаатар зөвлөгөөнд оролцогчдод хандаж үг хэлэхдээ “2016 оныг Хэрэглэгчийн жил болгон зарласан билээ. Тиймдээ ч энэ онд хэрэглэгчийн бодлогыг төрийн бодлогын түвшинд авчирч, хүндээ хандсан төрийн үйлчилгээг нээлттэй, ил тод, шударга, авилгагүй болгох зорилтыг дэвшүүлж байна. Энэ бодлогыг хэрэгжүүлэх байгууллага бол СХЗГ-ын төв, орон нутгуудын салбарууд байх биз ээ” хэмээн онцолжээ.
Мөн зөвлөгөөнд СХЗГ-ын дарга Г.Гантөмөр “Хэрэглэгчийн жил-Өндөр сэтгэл ханамжийн төлөө” сэдвээр илтгэл тавьсан. СХЗГ-ын дарга Г.Гантөмөр хэлэхдээ “Энэ жилийн зөвлөгөөн Монгол улсын засгийн газраас 2016 оныг Хэрэглэгчийн жил болгон зарласан үед зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд салбарын хүрээнд хэрэгжүүлэх ажлаа тодорхойлоход чухал ач холбогдолтой” гэжээ.
Жил бүрийн эхэнд орон нутгийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болдог ба өмнөх жилийн ажлаа хэлэлцэж зорилтыг тодорхойлдог уламжлалтай юм.