2015.12.31
Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2016 онд хийх хяналт шалгалтын төлөвлөгөөг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн боловсруулж Монгол Улсын Шадар сайдаар батлууллаа.
Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий гзрын дарга Ш.Раднаасэд тушаал гарган ирэх онд аж ахуйн нэгж, байгууллагуудад хийх салбарын сургалт, баталгаажуулах үйл ажиллагааны жагсаалтыг баталлаа. Баталсан үйл ажиллагааг удирдамж, арга зүйн зөвлөмжөөр ханган, хугацаанд нь зохион байгуулж, эрсдлийн түвшинг бууруулах арга хэмжээ авч ажиллахыг хяналтын газрууд, төв, орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын дарга нарт даалгав.
2015 онд эрсдэл өндөртэй обьектуудад төлөвлөгөөт шалгалт хийн, холбогдох арга хэмжээ авсны дүнд 4220 обьектын эрсдэл буурч бага эрсдэлтэй ангилалд шилжсэн байна. Ингэснээр Мэргэжлийн хяналтын байгууллага хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, нийгмийн аюулгүй байдалд учруулж болзошгүй эрсдлээс мөн хэмжээгээр урьдчилан сэргийлж чадлаа.
2015 оны 11 дүгээр сарын байдлаар давхардсан тоогоор 95683 обьектод эрсдэлийн үнэлгээ хийж,10 хувийг ирэх онд төлөвлөгөөт шалгалтад хамруулахаар болсон. Шалгалт, зөвлөн туслах үйлчилгээнээс гадна хор хөнөөл, аюулыг тогтоох, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулахын тулд 38 тандалт судалгаа, 12 хяналт шинжилгээ, 36 урьдчилан сэргийлэх хяналт шалгалт, 33 сургалт хийнэ.
Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалтын үйл ажиллагаандаа цахим систем нэвтрүүлж,анх удаа системээр эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлтөө хийлээ. 2016 онд их, дунд эрсдэлтэй обьектуудад төлөвлөгөөт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх бол эрсдэл багатайд бусад арга хэлбэрээр урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах бодлого баримтлан аж ахуйн нэгж, байгууллагуудын хөгжлийг дэмжиж, зөвлөн туслах үйлчилгээг 2015 оныхоос 30 хувиар нэмэгдүүлэхээр боллоо.