Монголчууд бид 104 жилийн өмнөх энэ өдөр буюу цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн 9-нд төр улсын бүх бодлого, үйл ажиллагаагаа Манж Чин гүрнээс тусгаарлан сэргээж байгаагаа зарласан. 1911 оны 12 дугаар сарын 29-ний энэ өдөр төрийн их ёслолыг гүйцэтгэн VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын хаанд өргөмжилж, таван яамнаас бүрдсэн Монгол Улсын Засгийн газрыг байгуулсан билээ. Монголчуудын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолд үнэтэй хувь нэмэр оруулсан 1911 оны энэхүү хувьсгал нь манай ард түмний XX зуунд хийсэн гурван том хувьсгалын анхдагч байсан юм.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 104 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Төрийн ордны хойд цэцэрлэг дэх Монгол Төрийн тамганы хөшөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон УИХ, Засгийн газрын гишүүд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.