БНХАУ-ын Гуанши автомат мужид 2015 оны 11 дүгээр сарын 5-8-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Стандартчиллын хөгжил” хурлын арга хэмжээнд Монгол улсын стандартчиллын байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
Хурлын арга хэмжээний үеэр Монгол улсын Стандартчилал, хэмжил зүйн газар болон БНХАУ-ын Стандартчиллын Удирдах газар хамтран ажиллах хэлэлцээрийг үзэглэв. Ингэснээр хоёр талын хамтын ажиллагааг цаашид улам бүр бэхжүүлэн шинэ шатанд гаргах үндэс тавигдах ажээ.
Энэ нь хоёр улсын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааг харилцан ашигтай, эрх тэгш нөхцөлтэйгөөр хөгжүүлэх, стандартчиллын салбарт хамтын ажлаа олон улсын дүрэмд үндэслэн хөгжүүлэх, идэвхижүүлэхэд ихээхэн ач холбогдолтой.
Хэлэлцээрийн хүрээнд стандартчиллаар хоёр талын гадаад худалдааг дэмжих, Дэлхийн худалдааны байгууллагын худалдаан дахь техникийн саад тотгорын тухай хэрэгжилтийг хангах, Олон улсын болон бүс нутгийн стандартчиллын үйл ажиллагаан дахь оролцоог харилцан дэмжих юм. Мөн сургалт, хурал хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулан туршлага солилцох, салбар байгууллагууд хоорондын ажлыг өргөтгөн бэхжүүлж дэмжих чиглэлээр цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлон БНХАУ-ын Стандартчиллын Удирдах газрын удирдлагуудтай хэлэлцээр хийлээ.
Монгол улсыг төлөөлөн уг бүрэлдэхүүнийг ахлан ажиллаж байгаа СХЗГ-ын дарга Г.Гантөмөр хүнсний үйлдвэрлэл, аюулгүй байдлын стандартчиллын асуудлаар илтгэл тавьж, цаашдын чиг хандлага, авч хэрэгжүүлэх арга замын талаар туршлага судлан, санал бодлоо солилцсон байна.
СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР
Стандартчилал, техникийн зохицуулалтын газар