2015.10.21
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Хүний төлөө-Зөв тус” аяны хүрээнд “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, шинжилгээний өнөөгийн байдал,тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хөдөлмөрийн нөхцөлийн хүчин зүйлүүдийг хэмжиж, шинжлэх нь ажилчдын эрүүл мэндэд нөлөөлж болзошгүй хүчин зүйлийг судалж, урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт нотолгоонд суурилсан байх зарчмыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой, хөдөлмөрийн эрүүл ахуйн салбарын салшгүй бүрэлдэхүүн хэсэг юм.
Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын төлөөлөл, мэргэжилтнүүд хэлэлцүүлэгт оролцон, лабораториудын өнөөгийн чадавхи ямар түвшинд байгаа, цаашид хэрхэн хөгжүүлэх талаар мэдээлэл солилцлоо.
Мөн хэмжилт шинжилгээний нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, шинжилгээний чанарын хяналт хийдэг байх, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний талаар мөрдөж байгаа дүрэм, журмыг өөрчлөн шинэчлэх талаар ярилцсан байна.