2015.07.03
Б.Хишигдэлгэр
Төрийн нүд, чих болсон хяналт шалгалтын байгууллагын үйл ажиллагаа, хяналт шалгалт олон нийтэд ил тод, хурдан шуурхай болж байгаа нь сүүлийн үед илт мэдрэгдэх болсон. Тэгвэл хөгжлийн шинэ шатанд гаргах үйл ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа ажлын үйл явцын талаар Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Эрсдэлийн удирдлага, стратеги төлөвлөлтийн газрын дарга Ж.Гантөмөртэй ярилцлаа.
- Мэргэжлийн хяналтын байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа шинэчлэлийн хүрээнд ямар, ямар ажлуудыг авч хэрэгжүүлж байна вэ?
- Мэргэжлийн хяналтын байгууллага энэ онд байгууллагынхаа өмнө нэлээд хэдэн тодорхой зорилтуудыг дэвшүүлж ажиллаж байна. Өмнөх жилүүдийн зорилтуудаас ялгаатай олон зүйл энд агуулагдаж байгаа. Ер нь зорилт маш тодорхой байх нь хийж гүйцэтгэж байгаа ажлыг их утга учиртай болгодог шүү дээ. Үүнд:
Нэгдүгээрт, Мэргэжлийн хяналтын байгууллага нэгдсэн тогтолцоонд ороод хэдийнэ 13 жил болжээ. Энэ хугацаанд урт эсвэл дунд хугацааны ямар нэгэн төлөвлөлтгүй явж ирсэн. Тиймээс 2015 онд олон улсын зөвлөхүүдтэй хамтарч, өөрсдийн стратегид нийцүүлсэн дунд хугацааны төлөвлөгөөтэй болохоор шургуу ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд ирэх наймдугаар сард дахин олон улсын зөвлөхүүдтэй хамтарч ажиллаад аравдугаар сар гэхэд бүрэн хийгдэж дуусна гэсэн төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна.
Хоёрдугаарт, 2015 онд Мэргэжлийн хяналтын байгууллагын хэмжээнд ил тод хяналтын тогтолцоонд шилжиж байна. Зарчмын хувьд хуучин бол хэзээ ямар байгууллага дээр хэн гэдэг байцаагч, ямар чиглэлээр шалгалт хийх нь тодорхой хэмжээнд нууцлагдмал байсныг үгүйсгэхгүй. Юу шалгах гээд байгаа нь мэдэгдэхгүй, баахан л юм шалгаад байдаг. Энэ бүх үйл ажиллагааг цэгцлэх ажил хийгдэж байна гэсэн үг.
Гуравдугаарт, Цахим хяналтын системд шилжихээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Ингэснээр бид 2015 онд Мэргэжлийн хяналтын байгууллага стратегитай, дунд хугацааны төлөвлөгөөтэй, цахим мэдээллийн сантай, эрсдлийн удирдлагын системтэй болох талаар томоохон алхам хийгдэнэ.
- Тэгэхээр шалгалт хийхээс арав хоногийн өмнө урьдчилан мэдэгдэнэ гэсэн үг үү?
- Тийм. Шалгалт хийхээс тав хоногийн өмнө тухайн байгууллагадаа урьдчилан мэдэгдэх ажил хуульд заасны дагуу хэрэгжиж байна. Түүнчлэн шилэн хяналтын систем гэдгийг нэвтрүүлж байгаа. Эндээс улсын хэмжээнд байгаа бүх мэргэжлийн хяналтын байгууллагуудын хийгдэх шалгалтуудыг ороод үзэж болно. Жишээ нь: Мэргэжлийн хяналтын байгууллага 2015 онд төлөвлөгөөт шалгалтаар 9381 обьектэд шалгалт хийнэ гэдгээ өнгөрсөн арван хоёрдугаар сард олон нийтэд зарласан.
Энэ 9381 обьектыг хэзээ шалгах вэ гэдгийг цахим систем рүү ороод л харж болно. Тэндээс бизнес эрхлэгчид манай байгууллага дээр энэ сард шалгалт ирэх юм байна. Ажил төрлөө ингэж зохицуулах юм байна гээд зохион байгуулалтаа хийх боломж бүрдэнэ.
Мөн эдгээр байгууллагууд дээр юу шалгах вэ гэдгийг хяналтын хуудсаар ил болгоод өглөө. Бид тухайн байгууллагуудыг салбар салбараар нь ангилаад түүнд тохирсон “чек лист” буюу хяналтын хуудасыг энэ оны дөрөвдүгээр сард хяналтын бүх чиглэлээр буюу 174 хяналтын хуудсыг, зөвлөмжийн дагуу боловсруулж дуусган баталгаажуулж гаргалаа.
- Хяналтын хуудсыг нэвтрүүлсний ач холбогдол нь юундаа байна вэ?
- Мэргэжлийн хяналтын улсын байцаагч бизнесийн байгууллагад шалгалт хийхдээ өөрийн болон дээд шатны даргын үзэмжээр хандахгүй болсон. Хяналт шалгалтанд хүний хамаарлыг багасгасан, хязгаарлалт тавьсан алхам бол хяналтын хуудас. Хэзээ, хэн шалгахыг шилэн хяналтын систем, юу шалгахыг хяналтын хуудас хэлж өгдөг, хүний хамаарал багатай ийм, ил тод тогтолцоо руу бид орж байна.
Одоогоор 174 хяналтын хуудсыг Худалдаа аж үйлдвэрийн танхим, Ажил олгогч эздийн холбоо болон төрийн бус байгууллагуудад албан ёсоор хүлээлгэж өглөө, цахим хуудсандаа ч байршуулчихлаа. Нэг рестораныг шалгах боллоо гэхэд түүнийг зөвхөн нийтийн хоолны байгууллагуудад мөрдөх хяналтын хуудсаар, түүнд шаардлага болж тавигдсан тэр заалтын дагуу л шалгана гэсэн үг. Хэн нэг байцаагч хяналтын хуудсан дээр байгаа заалтыг нэмж, хасах эрх байхгүй, илүү заалт нэмж шалгах эрхгүй л гэсэн үг.
- Гэхдээ тухайн газарт шалгалтын хуудсаар шалгах боломжгүй бусад зөрчил байна гэдгийг байцаагч мэдсэн тохиолдолд яах вэ? Нэмж шалгах болбол?
Хяналтын хуудсыг боловсруулахдаа энэ бүгдийг тооцож боловсруулах ёстой л доо. Хийсэн хяналт шалгалтынхаа дүн дээр үндэслээд, мөн шинээр хууль стандарт батлагдсан эсвэл амьдралын бодит нөхцөл байдал, шаардлагыг харгалзаж үзээд заалтыг шинээр нэмж оруулж болно. Гэхдээ зайлшгүй нэмэх шаардлагатай тохиолдолд үүнийг Мэргэжлийн хяналтын байгууллагын хэмжээнд тодорхой зөвлөлөөр хэлэлцээд, тушаалаар баталгаажиж байж шийдэгдэнэ.
Энэ нь юу харуулж байна гэхээр ямар ч төрлийн бизнес эрхэлж байж болно. Шалгалт ирэх сургаар юу шалгах бол гэсэн тодорхойгүй тийм байдлыг халж таны эрхэлж байгаа бизнест төр хууль, стандартын хүрээнд ийм л шаардлага тавьж байна гэдгийг ойлгомжтой ил тод болгож байгаа юм. Зузаан хуулийн ном уншихаас илүүтэй, хууль стандартад заасан шаардлагыг хяналтын хуудас хэлж өгч байгаа юм шүү дээ. Мөн өөрсдөө хяналтын хуудсаар дотоод хяналтаа хийж, ямар эрсдэл, алдаа дутагдал байна гэдгээ хараад явж байх боломж нээгдэж байгаа нь, эргээд бизнес эрхлэгчдээ дэмжиж байна гэсэн үг. Хяналтын хуудас таны бизнесийг дэмжиж тавигдах шаардлагын хэмжээнд хүргэх тос дэмжлэг юм байна гэж ойлгож болно л доо.
- Урьдчилж мэдэгдвэл зарим нэг бизнесменүүд булхайгаа нуух зэргээр нийгэмд эргээд сөрөг үзэгдэл гарахгүй юу?
- Энэ бол олон улсын хэмжээнд туршигдаад, нотлогдоод, хяналт шалгалтын хамгийн шалгарсан арга юм байна гэдгийг улс орнууд дэмжээд, хэрэгжүүлээд явж байгаа арга туршлага. Олон улсын хяналтын байгууллагуудын сайн туршлага болсон зүйл л дээ.
Хяналтын хуудсыг боловсруулж нэвтрүүлэх ажил манайд 2011 оноос эхэлсэн. Эхэлж хийсэн хяналтын хуудсуудаа тодорхой салбарууд дээр туршиж явсаар энэ оны хоёрдугаар сард томилогдсон Ш.Раднаасэд дарга энэ ажлыг эрчимжүүлж, удирдлагын бодлого болгон дэвшүүлсэнээр томоохон ахиц гаргаж, дутуу байсан хяналтын хуудсуудыг боловсруулж дуусгасан.
Хяналтын хуудас гэж байгаагүй үед нэг байгууллагыг шалгахын тулд асар их цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулагддаг үр ашиг багатай ийм тогтолцоо байсан. Ойлгомжгүй, тодорхойгүй ийм байдал бизнесийн байгууллагад дарамт шахалт, хүнд суртал үүсгэх тохиолдол байсныг үгүйсгэхгүй.
Одоо төлөвлөгөөт шалгалтад хяналтын хуудсыг үндсэндээ бүрэн нэврүүлээд байна.Энэ оны эхний таван сарын дотор улсын хэмжээнд 7200-аад төлөвлөгөөт шалгалт хийсэн байна. Үүнээс 7120 буюу үндсэндээ 98,5 хувийг хяналтын хуудсаар шалгажээ. Үүний цаана байцаагчдын шалгалын үйл ажиллагаа стандартчилагдаж байгаа, үр дүнд нь дүн шинжилгээ хийх боломж дээшилсэн гээд олон сайн эерэг үр дүнг хэлж болохоос гадна бизнесийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, дэмжлэг үзүүлэх томоохон алхам хийгдэж байгааг хэлэх ёстой.
- Түүнээс гадна, Төрийн байгууллагууд дээр мэдээллийн сан дутмаг байснаас нэг удирдлага ч юм уу ажилтан солигдоход түүний залгамж шинж чанар алдагдах, уялдах явдал дутмаг, дараагийн ажил хүлээн авагч эхнээс нь хийх явдал урд нь цөөнгүй тохиолддог байсан. Энэ тал дээр танайх ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
- Тийм шүү. Бид 2015 онд Мэдээллийн сангийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргахаар ажиллаж байгаа. Үндсэндээ мэдээллийн зургаан сан бий болголоо. Төлөвлөгөөт шалгалтын , гүйцэтгэлийн, хяналтын хуудасны гэх мэт.
Хэн нэгэн солигдоод явангуут хариуцаж байсан ажлаа толгойдоо аваад явчихдаг тийм зүйл үгүй болж байнаа гэж хэлж болно. Байцаагчийн ажлын үр дүнгийн илэрхийлэл болсон гол зүйлүүдийг мэдээллийн сан руу оруулж байгаагаараа төрийн ажлын залгамж чанарыг хангахад ахиц гарч байна.Нөгөө талаараа үүнийг төрийн хяналтын ой санамж гэж хэлж болно. Нөгөөтэйгүүр Мэргэжлийн хяналтын байгууллагын гол зарим үйл ажиллагааг программчлах алхам руу орж байна. Энэ программчлах алхамын цаана эрсдлийн үнэлгээ хийхээс эхлээд төлөвлөлт, байцаагчийн шалгалт хийх, шалгалтын үр дүнд гараг акт, албан шаардлага мөн сургалт, хяналтын хуудас гээд голлох зүйлийг цахим хэлбэрт оруулах ажил хийгдэж байна. Ирэх есдүгээр сарын 20 гэхэд бүрэн программчилж дуусгахаар ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаа программчлагдаж байна гэдгийн цаана бизнесийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, тэдэнд дэмжлэг үзүүлэх том боломж бүрдэж байнаа гэсэн үг.Байцаагчийн үйл ажиллагааг үнэлэх, дүгнэх тогтолцоог ч мөн өөрчлөх ажил эхэлж байгаа.
- Дүгнэх тогтолцоо гэхээр?
- Хуучин байцаагчийн ажлын үр дүнг дүгнэхдээ хэчнээн олон байгууллага шалгаснаар нь, торгосноор нь, албан шаардлага, акт үйлдсэнээр нь үнэлдэг байсан бол шинэ тогтолцоогоор эрсдлийн үнэлгээг оновчтой сайн хийж чадаж байгаагаар нь, тухайн байгууллага дээр хийсэн шалгалтынхаа үр дүнд олон нийтэд учруулж болзошгүй аюул заналыг бууруулсанаар нь, өндөр эрсдэлтэй байгууллагуудын тоог цөөлж чадсанаар нь, хууль сахин мөрдөлтийг нэмэгдүүлж чадсанаар нь, зөвлөн туслах ажлын үр дүнгээр нь дүгнэдэг болохоор ажиллаж эхэлж байна. Энэ чиглэлээр бусад улс орны туршлагыг судалж байна. Энэ онд дэвшүүлсэн бас нэг тодорхой ажил энэ л дээ.
- Гэвч хууль дүрэм зөрчөөд, иргэдийн аюулгүй байдалд ноцтой хор хөнөөл авчраад байгаа тохиолдолд түүнийг таслан зогсоох, буулгах эрх Мэргэжлийн хяналтын байгууллагад байхгүй болсон нь хууль зөрчигчдөд том завшаан болох биш үү?
- Мэргэжлийн хяналтын байгууллагад үйл ажиллагааг нь түр зогсоох эрх байна. Гэхдээ олон улсын жишиг хандлагыг харахад түр зогсооно гэдэг арга хэмжээ бол том арга хэмжээ. Учир нь, тухайн байгууллагын үйл ажиллагааг түр зогсооно гэдэг алдаа дутагдлаа арилгаад, засч сайжруулах боломжийг олгож байгаа хэрэг. Түүний цаана бизнес байна, ажлын байр байна, татвар төлөгчдийн асуудал байна.Шүүхийн эрх мэдлээс давсан эрх байж болохгүй.
Жишээ нь, хяналтын хуудсаар жишээ аваад үзэхэд байцаагч тухайн байгууллага дээр очоод шалгахад маш өндөр эрсдэлтэй гарлаа гэхэд түүнийг засч сайжруулах арга замыг нь заагаад, үүрэг даалгавар өгөөд хамтраад ажиллах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тэр маш өндөр эрсдэлийг бууруулахын тулд бид хамтраад ажиллах ёстой. Дараа жил нь ирэхэд энэ эрсдлийн хувь тодорхой хэмжээгээр буурсан байвал байцаагчийн ажлын том үр дүн. Ингэж ажиллавал тухайн байгууллага зөрчлөө нууж хаах биш, харин ч энэ аюул эрсдлийн эсрэг яавал засч болох вэ гэх арга замаа хамтран олж, аль болох зөрчлөө багасгахыг л хичээнэ. Байцаагчаас зөрчил дутагдлаа нуух биш харин байцаагч тэдний хамгийн ойр дотны туслагч болж хувирах юм шүү дээ. Нөгөөтэйгүүр хяналтын хуудас гэдэг нь хууль сахин мөрдөлтийг сайжруулах алхам руу хөтөлж байгаагаараа хөгжил дэвшил рүү хөтлөх хөтөч болж байгаа юм шүү дээ.
- Гэхдээ удаа дараа шалгалт хийхэд байцаагч нарыг тоохгүй, тавьсан шаардлагыг хүлээж авахгүй, хэрэгжүүлэхгүй байвал яах вэ?
- Хууль тогтоомжийг тоодоггүй, тоомсорлодоггүй, дур зоргоороо авирладаг, эрмэлзэлгүй хүнд төрийн төмөр нүүр гэдэг шиг торгож шийтгэдэг, үйл ажиллагааг нь зогсоодог тэр бүх арга хэмжээнүүдийг авах хуульд заасан бодлого үйлчилнээ. Бид нар арга хэмжээ авахыг зорилго болгоогүй, харин аль болох хууль стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллага олон байлгахыг л зорьж ажиллаж байна. Иргэд, аж ахуйн нэгжид хууль сахин мөрдөх эрмэлзлэл байх нь их чухал, тийм эрмэлзлэлтэй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд бүхий л боломжоороо туслах ёстой.
Мөн бидний зорьж ажиллаж байгаа нэг зүйл бол ноцтой, эрсдэлтэй бүтээгдэхүүнүүдийг олон нийтэд мэдээлэх тусгай сайт бүхий мэдээллийн тогтолцоог бий болгох явдал. Европын улс орнуудад ийм сайт байна. Шалгалтаар зах зээл дээр ноцтой эрсдэлтэй бүтээгдэхүүн илэрсэн тохиолдолд цаг хугацаа алдахгүйгээр олон нийтэд сэрэмжлүүлэг болгоод сайтдаа ил байршуулдаг. Ноцтой эрсдэлтэй гэж нотлогдсон, тэгээд зарлагдсан тохиолдолд ийм бүтээгдэхүүнийг зах зээл дээр хориглож, татан авалт хийлгэж устгах , хэрэглэгчдэд учруулсан хохирлыг нөхөн төлүүлдэг. Ийм ноцтой бүтээгдэхүүнийг оруулж ирсэн, үйлдвэрлэсэн импортлогч, үйлдвэрлэгч эрсдлээ бүрэн хариуцаж бүхий л хохирлыг барагдуулдаг хатуу арга хэмжээтэй зүйл л дээ. Үүнтэй төстэй ажлыг бид олон нийттэй харилцах ажлын хүрээнд хийхээр төлөвлөж байна.
- Хамгийн эрсдэл өндөртэй салбарууд гэж ямар салбарууд байна вэ? Ингэж салбаруудыг эрсдлийн зэргээр ангилах нь хэр үр дүнтэй вэ?
Мэргэжлийн хяналтын байгууллагын хийсэн эрсдлийн үнэлгээгээр 2014 онд хамгийн өндөр эрсдэлтэй салбарууд гэхэд далд уурхай, эм үйлдвэрлэгч, баяжуулах үйлдвэр, өргөх байгууламж, барилгын материал үйлдвэрлэгч, ундны ус, автозамын байгууламж, мал түүхий эд бүтээгдэхүүн нийлүүлэгч, байгаль орчны хяналт, хүнс гээд үргэлжлүүлэн дурдаж болно. Эрсдлийн үнэлгээ хийсний үндсэн дээр өндөр, дунд, бага эрсдэлтэй хэмээн ангилж заавал иргэдээс ирэх гомдлын дагуу биш өөрсдөө урьдчилан сэргийлж тухайн байгууллагууд дээр шалгалт явуулдаг, дараа жилийнхээ төлөвлөгөөт шалгалтад оруулдаг, хүн хүч, санхүү, техникийн хязгаарлагдмал нөөцөө хамгийн өндөр эрсдэлтэй хэсэг рүү чиглүүлдэг арга хэлбэр лүү шилжиж байгаа юм.
2015 оны төлөвлөлтөөс харахад ч эрсдлийн үнэлгээнд хамрагдсан нийт обьектийн 17,4 хувь нь өндөр эрсдэлтэй, 61,3 хувь нь дунд эрсдэлтэй, 21,3 хувь нь бага эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна. Өндөр, дунд эрсдэлтэй салбаруудыг аль болгох цөөлөх, багасгах арга хэмжээ манай хяналт шалгалтын нэг гол стратеги болж байгаа юм.
Ингэснээр зорилт, үр дүн, гүйцэтгэл тодорхой болж харагдах байх гэж бодож байна.
- Мэргэжлийн хяналтын байгууллага салбар бүр дээр хяналт тавьж ажилладаг болоод ч тэр үү эрсдэлээс урьдчилан сэргийлэх тал дээр хамгийн гол ажлыг нугалж байна. Гэвч Мэргэжлийн хяналтын байгууллагаас шалтгаалахгүй олон хүчин зүйлс байдаг байх?
Мэргэжлийн хяналтын байгууллагад бий болж байгаа томоохон ахиц дэвшил, үр дүнтэй нэг чухал ажил бол эрсдлийн үнэлгээг салбар бүрээр хийж чаддаг эрсдлийн хүний нөөцийн чадавхи юм. Энэ хүний нөөцийн чадавхийг бэхжүүлж чадавхжуулах нь төрийн бодлого байх ёстой. Магадгүй хууль тогтоомжоо зөрчөөд баригдсан барилгуудыг шууд хүрз жоотуу бариад шууд буулгаад явахыг хүмүүс хүсч байж магадгүй. Гэтэл үүний цаана маш нарийн асуудлууд байдаг.
Мэргэжлийн хяналтын байгууллага өнөөдөр барилга, байгууламж хүлээж авах улсын комисст ажиллахгүй байна. Ямар нэгэн зөвшөөрлийг өгөхгүй байна.Төлөвлөлтийг нь батлахгүй байна. Тэгэхээр зөвшөөрөл олгодог, баталдаг, хүлээж авдаг комисс, хэрэглэгч, захиалагч, гүйцэтгэгч гээд учрах эрсдэл дээр өөр, өөрийн гэсэн хариуцлагаа үүрээд явдаг байх хэрэгтэй.
Эрсдлийн удирдлагын стратеги гэж байдаг. Нэг муу юм болонгуут л Мэргэжлийн хяналтын байгууллага хүлээнэ гэсэн ойлголт хүмүүсийн сэтгэхүйд байсаар байна. Эрсдэл хуваалцах зарчмаар хэн хариуцлага хүлээх ёстой тэр нь хариуцлага хүлээх ёстой. Ингэж чадвал олон талын эрсдэлээс урьдчилан сэргийлж чадна.
- Ярилцсанд баярлалаа.