2015.06.04
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газар, Цөмийн болон цацрагийн хяналтын газраас “Иргэн бүр-Эрсдэлгүй орчинд” сарын аяныг угтаж 2015 оны 05 дугаар сарын 31-ны өдөр “Бичил уурхайг хэрэгжүүлэх хөшүүрэг, эсрэг тохиолдолд таслан зогсоох, хариуцлага тооцох арга зам” сургалт семинарийг аймгийн ЗДТГ-ын “Соёмбо” танхимд зохион байгуулав.
Сургалт семинарт УИХ-ын гишүүн Я.Содбаатар, орон нутгийн удирдлага, байгаль орчны хяналтын улсын байцаагчид, байгаль хамгаалагчид, Цагдаагийн газар, Тагнуулын хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэнүүд зэрэг 60 гаруй хүн оролцлоо.
Сургалтыг УИХ-ын гишүүн Я.Содбаатар нээж Бичил уурхайд төрөөс баримталж буй бодлого, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээлт хийх, олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй цаг үеээ олсон сургалт болсон талаар онцолсон.
МХЕГ-ын БОГУУХГ-ын БОХХ-ийн дарга Д.Цэрэндаш Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтын ил тод байдал, хяналтын хуудасны талаархи зөвлөмж, Ашигт малтмалын газрын ахлах мэргэжилтэн Д.Сагараадорж бичил уурхайн хууль тогтоомжийн талаар, Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч У.Өлзийцэцэг хууль тогтоомжийн хэрэгжилт, хариуцлага тооцох арга замын талаар Цагдаагийн ерөнхий газрын байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мэргэжилтэн н.Мөнхбат бичил уурхайн хууль бус үйлдлийн таслан зогсоох талаар сургалтад оролцогчдод хичээл заав.
Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газар